Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

“М-Си-Эс Кока-Кола” компани байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгууллаа

“М-Си-Эс Кока-Кола” компани БШУЯ-ны санаачилгыг дэмжиж, 75 хүүхдийн хүчин чадалтай байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгууллаа. Манай нийт ажилтны 43 хувь нь 2-5 насны хүүхэдтэй тул цэцэрлэг байгуулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулж байна.

 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “М-Си-Эс Кока-Кола” компанийн дэргэдэх “Happy Kids” цэцэрлэгийн сургалт, хөгжлийн үйл ажиллагааг БЗД-ийн 62-р цэцэрлэг хариуцах бөгөөд ажлын онцлогийг харгалзан уртасгасан цагаар буюу 8-20 цаг хүртэл ажиллах таатай нөхцөл бүрдүүллээ. Мөн хүүхдүүдэд зориулан монгол бүжиг, баллет зэрэг гоо зүйн хичээлээс гадна оюуны хөгжлийг дэмжих сургалтын нэмэлт хөтөлбөр тусгаад байна.

 

“М-Си-Эс Кока-Кола” компани өөрийн хөрөнгө оруулалтаар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулснаар ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажилдаа үр бүтээмжтэй, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлж буй юм.

 

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр болох БЗД-ийн 10-р хорооны цэцэрлэгийн насны тодорхой тооны хүүхдийг байгууллагын дэргэдэх цэцэрлэгтээ хамруулах юм.